Saturday, 10 December 2011
Захидал №1
Сайн байнуу?
Саруул уудамхан энэ орчлонд
Сайхан Монгол бүсгүй ээж минь
Арван сар тээж төрүүүлсэн наддаа
Ангирахан уургаа амтлуулсан
Хатуу энэ орчлонг
Аашаараа та минь зөөлрүүлдэг
Худал хуурмаг ертөнцийг
Уран үгээрээ дардаг Миний Монголын ээжүүдээ
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэнд.
Миний ээжийг Оюун гэдэг. 2 хүүхдийн ээж, хүний сайхан хань. Ээжээ таны 2 сартай байхад орхиод явсан охин нь байна би. Би таны энхрийхэн дууддаг байсан Зээхнээ байна. Тиймээ, амьдрал хатуу, хүн гэдэг шантрамтгай юм хойно яая гэхэв. Миний ээжий та охин үр хүсэж байж гаргачихаад хүний дайтай болгож чадалгүй, өмьдрөлд бууж өгсөн. Одоо тэгэхдээ охин нь тандаа гомдохгүй. Учир нь та намайг энэ уудам хорвоотой танилцуулж өгсөн болохоор тэр шүүдээ. Охин үр тань ээжээ одоо орчлонд мэндлээд 18 нас хүрч байна. Таныгаа би чинь гаднаа зэвүүцэн уурлаж байгаа ч цээжиндээ цохилох бяцхан зүрхэндээ, гуниг харуусалгүй сэтгэлдээ үргэлу санан дурсаад бас хүлээгээд л сууна. Тиймээ ээжээ та ирэх болоогүй юмуу?. Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа хойш энэ мөч хүртэл туулсан он цагуудад таньтайгаа би нэг жил ч хамт байгаагүй. Ээжээ охин чинь балчир 3 насыг эс тооцвол 15 жилийн 15-н 3 сарын 8, бас төрсөн өдөр, шинэ жил, 6-р сарын нэгнийг үдэж өнгөрөөсөн.
Энэ мөчүүдэд би хоёр жаахан нүдэндээ нулимс хуруулж эсвэл сэтгэлийн тэр цагаахан сэтгэлд ус хжруулж суудаг байсан. Учир нь баяр болгоноор миний эргэн тойрныхон гэр бүлээрээ хамт тэмдэглэсэн, ингэж бид нар гадуур явсан гээд л хэл амаа сугалах шахам ярьдаг. Эдгээр үгийг нь сонсох тоолонд өөрийн эрхгүй уйлж бас залхдаг байсан. Таныг би их санадаг болохоороо эхийн тухай шүлэг кино дуу гээд олон зүйл тэр тусмаа ээжийнхээ хайранд жаргалтай гэгч эрхэлж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэлээ барьж ядан мэгшдэг байсан. Гэхдээ энэ бол эхлэл нь…
Хамгийн аймаар санагддаг байсан зүйл бол та зүүдэнд минь ирдэг шигээ бодит амьдралд ирдэггүй . тийм болохоор би шөнө болохоор хааяа сэтгэлдээ түгшилтэй байдаг байсан. Учир нь та зүүдэнд минь ирчихээд л явчихдаг, харин би сормуус норгон уйлж хэвтдэг.
Ээжээ охин нь хааяа эхийн хайрыг үгүйлсэн байдаг учраас өөрийн таньж мэддэг найзуудынхаа ээжийг “ээжээ” гэж дууддаг. Гэвч тэд өөрсдийн мах цусны тасархай үртэй болохоор намайг ямар ойшоох бишдээ. Тэгээд л би хүмүүсийн дунд хааяа эвгүй байдалд ордог. Учир нь та намайг орхиод л явсанд би ээжийн сайхан сэтгэгдлийг мэдэхгүй байна. Гэсэн хэдийч таньтайгаа хамт байхыг хүсдэг болохоор үзэн ядах сэтгэлээ жаргаж буй нартай хамт мөхөөж зүүдэндээ учрахыг хүсдэг. Учир нь та зүүдэнд минь ирэхдээ эмэгтэй хүний эрхэмсэг хэрнээ тэр даруухан харц, хайр гэрэлтсэн нүд дүүрэн инээмсэглэлтэй ирж намайгаа өхөөрдөн дуудан тэвэрч авдаг.
Та минь шөнө дундад ирэн үүр цайх алдад тэнгэрт утаа замхарч буйн адил зүүдний ертөнцөөс сарнин арилдаг. Тэгээд л эрх охин би өглөөний нарнаар сэрэхэд доголон нулимстай шинэ өдрийг угтдаг.
Нэгэн өдөр би жаахан биенээсээ дэндүү том сэтгэл гарган ээж таныгаа хайн ирэхэд та намайг хараад нүдэндээ орсон шороо мэт үзэж, эзгүй цөлд хаяж байгаа юм шиг эргэж харалгүй яваад, үлдсэн охин нь түүнээс хойш 4 жилийг үдэж дээ. Ингээд л би таныг муухайгаар бодож дэмий л нэг өөрийгөө зовоосон. Одоо надад энэ бүх зовлон гуниг хангалттай. Яагаад гэвэл би даамай их хайраас тань гарсан болохоор даанч таныгаа мартаж чадахгүй юм. Та бас надтай адил хаа нэгэн газар намайгаа бас санаад л сууж байгаа байх. Ээжээ охин тань удахгүй охин насаа үдэж, хүний хань хүүхдийн ээж болно. Тиймээс багахан үлдсэн он жилүүдийг таныхаа хайраар өлгийдүүлж өнгөрөөмөөр байна.
Ээжэээ охин хэрвээ таныг ирлээ гэхэд “ охин минь ээж нь ирлээ” гэдэг үгийг сонсож ч чадахгүй байх. Ээжээ та миний бичсэн үг болгоныг сонсон бол охин дээрээ хүрээд ирээч. Би таньд ч бас охин үртэйгээ хамт байхдаа ямар их жаргалтай байдгийг мэдрүүлмээр байна. Таныгаа өи намайг орхиж явсаныг тань, очиход минь үл ойшоосон гээд бүх зүйлийг тань уучилсан. Тийм л учраас та ганцхан удаа охин үр над дээрээ ирээд “миний охин ээж дээрээ хүрээд ир “ гэж хэлээд чангаас чанга тэврээч …
Ээждээ зориулсан шүлгээс
Бүүвэйн дууг сонсмоор байна ээж таниасаа
Бурхан минь таниас нэг зүйл гуйя
Бүтэхгүй гэж битий хэлээрэй гуйя
Буурал хорвоод ганцхан удаа би
Бүүвэйн дууг зүүдэндээ ч болов сонсмоор байна
Төрүүлсэн эх минь намайг орхиж явсан
Тэвэрч үлдсэн аавдаа би 2хон сартай байсан
Ээж минь энэ үед бүүвэйн дуу аялсан ч
Энэ би минь түүнийг яаж мэдэх билээ
Эцэг хүн хэрвээ бүүвэйн дууг
Эхийн адил уянгалаг аялдагсан бол
Энэ бие минь хүссэн дуугаа
Эцгээсээ сонсчих байсандаа хөөрхий
Бурхан үүнийг биелүүлж чадахгүй ч
Би мэдсэн хэрнээ гуймаар байна
Буцаад яв гэж түлхсэн ээж таниасаа
Бүүвэйн дууг нэг л сонсмоор байна
“Ээждээ захидал бичээрээ-2010” тэмцээний 3-р байр
З.Алтанцэцэг
Labels:
захидал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment